Монгол орон жилээс жилд хөгжин дэвшиж, Засаг захиргааны нэгж сумдын хөгжил, хүн ардын амьдралын чанарт шинэ дэвшил гарсаар байна. Эрдэнэцогт сум нь хөдөөгийн сумдаас аймагтаа хамгийн олон өрх хүн амтай. 410,2 мянган га, хавтгай дөрвөлжин нутагтай. Сум нь одоогоор эрчим хүчний нэгдсэн найдвартай сүлжээнд холбогдсон, инженерийн хийцтэй дулаан, цэвэр бохирын шугам сүлжээтэй. Хөдөөний 5-н баг Жимобайлын сүлжээнд 100 хувь холбогдож, сумын төвд Мобиком, Skytel, Unitel- сүлжээ ашиглагдаж байна.
Суманд хөгжсөн дэд бүтцийг дагалдаад үйлдвэр үйлчилгээ нэвтэрч байгаагийн дотор Дэлхийн технологитой “Хонгор брэнд” европ стандартын бяслагны үйлдвэр, Витафит компанийн сүү боловсруулах томоохон үйлдвэр, барилгын ханын материалын цех, мужаан, илдүүр, оёдол, талх нарийн боов, авто засварын үйлчилгээ зэрэг жижиг дунд үйлдвэрүүд хөгжихийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, өрхийн орлого өссөн байна.
Эрдэнэцогт сумын ард иргэд мах, сүү цагаан идээгээр өрхийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг учир аймгийнхаа хүн ардын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг сум юм.
ЭРДЭНЭЦОГТЧУУД ЭВТЭЙ БАЙЖ, ИХИЙГ ХИЙНЭ
ЗАВГҮЙ АЖИЛЛАЖ, ЗААВАЛ БҮТЭЭНЭ.