Алтан тугалын эзэд

Эрдэнэцогт сум: ЦЭРЭНГИЙН БИНДЭРЪЯАГИЙН ГЭР БҮЛ АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

1978 оноос олгож эхэлсэн Монголын Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит, МҮОНРТ, ХХААХҮ-аас олгодог “Алтан төлийн эзэн” шагналын эзэн 200 гаруй мянган сарлагтай Эрдэнэцогт сумаас төрлөө.

Ямаатын хоёрдугаар багийн Өргөөний өвөлжөөнд өнтэй өвөлжиж буй Цэрэнгийн Биндэръяа, Сүхийн Жавзансүрэн нарын мал аж ахуйн салбарт үр бүтээлтэйгээр 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан цаг наргүй хөдөлмөр, малаас гарах ашиг шимийг гучин сая хүртэл нэмэгдүүлсэн, нутаг орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан зэрэг олон үзүүлэлтийг харгалзан “Алтан тугал”-ын эзнээр тодруулжээ.

Шагналыг “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч М.Мөнгөнцэцэг нар хүндэтгэн гардуулав.

Бүрэлдэхүүнд Сумын удирдлага, ХДТ-ын уран бүтээлчид багтав.

Энэ хавар 80,000 гаруй тугал хүлээн авах Эрдэнэцогтчуудын дундаас хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн алтан төлийн эздийн баярыг хуваалцаж нутгийн ард олон өргөн дэлгэр цуглажээ.

Нүүдэлчин ахуйн өв соёлоо дээдлэн, эрдэнэт мал сүргээ бэлчээрийн зөв зохион байгуулалттайгаар маллаж, орон нутгийнхаа хөгжил дэвшил, эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулсан малчин та бүхэнд баяр хүргэе.

2025-03-06 00:00:00